Шидэт хүүрийн үлгэр
Би ер нь зохиол дотор зохиол, зүүдэн дотор зүүд,кинон дотор кино гэхчлэн давхар давхар үйл явдалтай зүйлд дуртай гэдгээ энэхүү Шидэт хүүрийн үлгэрийг унших явцдаа ойлгосон юм. Нэг ёсондоо шинэ нээлт гаргасан гэж хэлж болно.
Үгэн дотор утга
Үхэр дотор гиваа, гэдэгчлэн нэг үлгэр дотор олон олон сонирхол татам, заримдаа энэ чинь нээрээ юу сан билээ гэмээр үг хэллэг, найруулгатай тааралдаж эргэцүүлж бодон явсаар хэрхэн бичих учраа ололгүй өдийг хүрсэн билээ. Энэхүү ном нь уран зохиол, хүн судлал, бас шашны гэх мэтчилэн олон талаас нь авч үзвэл судлагдах зүйл ихтэй юм гэж хувьдаа дүгнэсэн.
Бүх утга бүх дүрийг, үйл явдлыг тайлах гэж оролдох аваас энгийн нэгэн уншигч миний мэдлэг, цаг хугацаа дутах биз ээ. Гэвч өөрийн бяцхан дүгнэлт шингэсэн тэмдэглэлээ хүргэвэл ийм байна.
Уг зохиол нь анх Энэтхэг улсад зохиогдон Төвдөөр дамжин Монголд дэлгэрчээ. Монголчууд хэдэн зууны туршид энэхүү үлгэрийг ярьж хэлэлцсээр зан заншил, уламжлал, суртахуунаа шингээж баяжуулсаар ардын аман зохиолын шинжтэй болгож, монголын гэх өвөрмөц хувилбарыг бий болгосон байна. Миний уншсан хувилбар нь шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан төвдөч Цэдэнбалжир, Алтангэрэл нарын орчуулж 1963 онд хэвлэсэн төвд монгол үсгийн номоос кирилл бичигт хөрвүүлсэн нь байсан юм. Мөн кирилл бичигт буулгахдаа төвд хэлээс монголд буулгасан эртний тансаг яруу найруулгыг алдагдуулаагүй нь унших явцад тод анзаарагдаж байсан юм.
Хэдий төвд хэлнээс орчуулсан хэдий ч төвдөчсөн хэлбэр ажиглагдсангүй. Яг л энэ нь энэтхэг зохиол юм аа гэсэн шинж байдал, үйл явдал, хүмүүсийн аж байдлаас нь мэдрэгдэж байв. Чухамдаа анхлан хуудас нээхэд номын нэрний “Хүүр” гэдэг үг тийм ч тааламжтай санагдаагүйг нуух юун. Энэ байдал нилээд хэдэн бүлэг үргэлжилсэн бөгөөд нэг мэдэхнээ үйл явдалд уусаж нэг суудлаараа уншиж дуусгасан юм. Тэр үйл явдлын баян үг хэлний уран тансагыг нь гайхах юм биш.
Түүгээр үл барам монгол аман зохиолын түүвэр ном зохиолд Шидэт хүүрийн үлгэр»-ээс авсан бололтой зүйлүүд тааралддаг. Нэг жишээг дурьдах аваас зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман дээр Хонгор, Бат хоёр хүрээнд шавилан суух болоод хэсэг хугацааны дараа ууланд гарч өөрсдийгөө төлөөлөн нэг нэг мод суулгаад олон жилийн дараа модоо эргэж ирэхэд хатсан байвал нэгэнд маань муу зүйл тохиолдсон аль эсвэл муу явна гэж бодъё… гэсэн хэсэг гардаг билээ. Үүнтэй яг адил хэсэг энэ зохиолд бий. Эрт балар цагт баяны, модчины, эмчийн, зураачийн, тоочийн, төмөрчний гэсэн зургаан хөвгүүн эцэг эхээсээ оргон нэгдэж, хүнс аваад өөр нэгэн улс руу явжээ. Улмаар нэгэн голын бэлчирт хүрээд тэнд хүн бүр нэг нэг сүнсний мод босгоод зургаан жилийн дараа эргээд уулзахаар болдог. Хэн нэгний мод өнгө хувхайрсан бол түүний явсан зүгт явъя гэж гардаг билээ.
Шидэт хүүрийн үлгэрт Бурханы шашны зүрхэн тольт болсон их багш Нагаржуна мөн Даваадагва гэх дүрүүд гардаг. Өөр хувилбаруудын хувьд Даваадагвыг нэг бол ядуу аль эсвэл нэгэн улсын хааны хоёр дүүгийн бага нь гэж гардаг. Даваадагвын ах илбэ сурахаар яваад долоон жил болоход эрдэм эс сурсан бөгөөд харин дүү нь хаалганы завсраар шагайх төдийд алив зүйлд хувилах эрдэм сурчээ. Түүний хүчинд муу санаат ах дүү долоон илбэчнээс зугтан явсаар цогт ууланд бясалгаж байсан Нагаржуна багшийн өвөрт орж хоргодоод эрхний толгой болоод долоон шидтэн ирэхэд эрхээ өг гэхэд нь тас татаж газарт цац гэдэг. Долоон шидтэн тахиа болж хувирахад Даваадагва хүн болж хувилаад 7 тахиаг цохиж алсанд Нагаржуна багш ихэд эвгүйцэн ганц чамайг аврахыг тулд долоогийн долоон хүний амийг үгүй хийлээ гэж зэмлэдэг. Хариуд нь амь аварсан ачийг санаж Даваадагва багшийн хүссэн зүйлийг биелүүлэх болсноор энэ зохиол угтаа эхэлж байгаа юм. Хүсэл нь Энэтхэгийн өмнө зүгт байх их хүүрийн газар нэг том хүүр байдаг юмсанж. Тэр том хүүрийг ардаа үүрээд хүүрт үг алдалгүй Цогт ууланд авчирч чадвал уг уул алт болон хувирч орчлонгийн хүмүүсийн сайн сайханд тус болох ерөөлтэй байв. Хан хүү хүүрийг үүрэн явах замд шидэт хүүр ер бусын үлгэр түүх хүүрнэн ярьсаар хан хүүг үг алдуулах бөгөөд тэр бүртээ торноос мултран эргэж одно. Ийнхүү Хан хүү Сайн явдалт 27 дахь удаагийнхаа явалтаар хүүрт үг алдалгүй авчирч, буяныг үйлдэх ажээ… Үлгэр бүр өөр өөр үйл явдалтай, шашны гүн ухаан хийгээд оршихуйн мөн чанарыг тайлсан агуулгатай.
Хамгийн таалагдсан үлгэр гэвээс арванзургаадугаар бүлэгт байх “Өнгөт наран хатны үлгэр”, хорин долоодугаар бүлэгт өгүүлэх “Хөвгүүн ном” дотор гардаг “Шатны арван гурван гишгүүрийн үлгэр”-ийг дурьдаж болох байна.
Эхнийх нь хорт муу сэтгэлтний үйлд өртөж Хаанд буруушаагдан гурван ч удаа алах ялд унаж буй “Өнгөт наран” хэмээх хатны тухай гарах юм. Агуу хүч хийгээд эд агуурс цогтойяа болсон, 3500 балгадыг эзлэгч хаан атлаа буруу зөвийг ялган таних чадваргүй, хатнаа алахаар илд далайсан түүнд ухаант мэргэн тоть хамаг үйлсийг ухаж үйлд, ухалгүй үйлийг хийх аваас мал адуулагч хийгээд хэрээний домог удаах нь бэлгэдэлгүй эмгэн оготно хоёрын үлгэр ярьж өгсөнөөр хааныг ухааруулж хатны амийг хоёр удаа аварч байгаа тухай гардаг.
Харин “Шатны арван гурван гишгүүрийн үлгэрт” Варнаси хэмээх улсад Сайн буянт нэрт сартваах, бядан явагч Сролон, Оюу зүрхт нэрт тоть гэсэн хоёр шувуун түшмэлтэй, Мэкүвал гэх үзэсгэлэнт хатагтайтай амьдардаг бөгөөд нэг удаа далайн чанадад олонд буян болох үйл хийхээр явахад дээрх хоёр шувуу үйл хэргийг нь хариуцан үлдсэн юм. Мэкүвал үнэнч сэтгэлт нэгэн бол түүний шивэгчин гэгч бэрх үйлийг хийх бөгөөтөл итгэмжгүй, хүнийг муу зүйлд уриалан дууддаг хорт хүн ажээ.
Сартваахыг эзгүй хооронд шивэгчин хатныг дагуулан гадуур явахдаа нэгэн баян эртэй танилцах бөгөөд хатагтайд тэр эр ханилан суухыг хүсвэл хатагтай эхэндээ дургүйцсэнд шивэгчин хорон үгээрээ ятгаад тэр өдрийнхөө орой баянг хатагтай дээр очуулахаар тохирдог. Энэ байдлыг мэдсэн бядан явагч Сролон, Оюу зүрхт хоёр хаалга үүдээ түгжин баян эрийг оруулалгүй, “эм хүний биед дайсан олон буй, үйл хөөвөөс нүгэл удирдах буй. Хойно зэм ирэхийн тул өдгөө одохоо боливоос сайн” хэмээн шөнө бүр байшингийн доторх шатны нэг гишгүүр дээр зогсон 13 өдрийн турш нэг нэг сургамжит үлгэр ярьсаар өөрийн эзэн Сартваахын авхайг нүгэлт зүйлээс нь аварсан тухай гардаг билээ.
Энэ мэтчилэн давхар давхар үйл явдлууд хөвөрсөөр байтал нэг мэдэхэд ном дуусах нь тэр.
Ийм зохиол энэ орчлонд олон байх, гагцхүү шидэт хүүр, хүү хоёроор эдгээр олон үлгэрийг нэгэн шугамд зангидаж буй нь ганцхан биз ээ. Үүнтэй адилтган үзвэл шөнө бүр өөр үлгэр өгүүлэх Шахиразадын хүүрнэлээр хэлхэгдсэн “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг л хэлэх байна даа…