Х.Сампилдэндэв

Ноён Шар шувуу
3 min readNov 15, 2023

--

“Монголын шинэ уран зохиолын туурвилзүйн зарим асуудал”

Хүмүүс шүүмжлэл бичиж байна гээд хэн нэгний бүтээлийг ёстой газар доор ортол өө сэв эрж муулж бичсэн байх нь бий. “Шүүмжлэл” гэдэг нь Монгол хэлний тайлбар тольд аливаа бүтээлд өгсөн үнэлэлт дүгнэлт гэсэн нь бий.

Х.Сампилдэндэв гуайн хувьд өөрөө нэртэй судлаач бөгөөд анх аман зохиол судлалаар эхэлж, сүүлдээ утга зохиол судлал руу өргөн хүрээнд орсон байдаг. Түүний судалгааны бүтээл их олон байдаг. Ёстой хийсэн бүтээсэн юмтай хүн гэж ийм байдаг биз гэж бодмоор.

Судлаачийн үнэлж дүгнэснээр Төрийн шагнал хүртсэн хүмүүсийн нэг нь Ж.Пүрэв юм. Сампилдэндэв гуай түүний “Зүрхний хилэн” романд шүүмж бичиж, түүнийг ард түмэнд нээж таниулж өгсөн гэдэг. Ингээд бодохоор шүүмж гэдэг аливаа зүйлд тун их хэрэгтэй болох нь харагдаж байх шиг.

ЭНЭ НОМЫГ УНШСАНААР МЭДДЭГ Ч ЮМ ШИГ МЭДДЭГГҮЙ Ч ЮМ ШИГ ХАГАС ДУТУУ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЖ АВЛАА.

Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн замнал нь ололт дутагдлын аль алинаас ангид байгаагүй боловч хөгжмийн шинэ шатандаа дэвшсэн нь хэн ч маргашгүй амжилт билээ. Гэтэл 1921 оноос хойших монголын орчин үеийн уран зохиолын тухайд социализмын гэгдэх жилүүдэд дэлхийн утга зохиолын дээд шат хэмээгдэх социалист реализмд бүгдийг хамруулан магтдаг байсан бол 1990 оноос хойш түмнийг мунхруулах хар тамхитай зүйрлэн үгүйсгэж шүүмжлэх хэсэг гарч ирэв гэж номын зохиогч бичжээ. Би ч үүнтэй санал нэг байгаа юм. 2013 оны хавьд санагдаж байна. Радио сонсож байтал нэгэн эрхэм хүн /нэрийг нь мэдэхгүй/

“Шинэ үеийн уран зохиол гэхээр бид өнөө л улиг болсон Нацагдорж, Дамдинсүрэн, Ринченгээ хэлдэг ярьдаг бичдэг, өнгөрсөнтэйгөө зууралдсаар байвал Монголын уран зохиол цааш явахгүй бид үүнийг өөрчлөх хэрэгтэй” гэх мэтээр ярьж байхыг сонсож байлаа. Тэр үед миний уур маш их хүрээд өдөржин бодогдов. Би ер нь өнгөрснийг үгүйсгэхэд дургүй. Гэвч энэ нь өнгөрсөнийг шүтэж шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг огтоос биш юм. Өнгөрсөн үгүй бол одоо үгүй шүү дээ. Шинийг таниж мэдэхийн хамт хуучнаа ч мэдэх нь зүйтэй.

Хуучныг үгүйсгэх аваас 70 гаруй жилийн түүхийг тэр үеийн зохиолчдын хөдөлмөр, амьдралыг ямар ч ул мөргүйгээр баллуурдаж хаясантай адил юм.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүйн учир өнгөрснөө үгүйсгэх хойч үеэ басамжилахын аль аль нь зүйд нийцэхгүй бөгөөд хуучин соёлыг хэт шүтэн, хэв загварт автах, эсвэл хэт үгүйсгэн уламжлалаас татгалзах нь хоёр хэтэрхийллээс ангижран уламжлал, шинэчлэлийг зөв хослуулах нь уран зохиол, урлагийн хөгжлийн эрх ашигт нийцнэ.

Шинэ үеийн уран зохиолыг үе үеээр нь 1920-иод он 1930-аад гэх мэтчилэн тус тусын онцлог болон төлөөлөгчид тэдний бүтээлүүдийн нэрийг дэлгэрэнгүй бичсэн нь олж уншаагүйг уншуулах, мэдээгүйг минь мэдүүлсэн нээлт байлаа.

Ингэхэд та Хувьсгалын анхны долоогын нэг Догсомын Бодоог сэтгүүлч, түүгээр зогсохгүй уран зохиол бичиж тухайн үедээ ихэд үнэлэгдэж байсан гэвэл итгэх үү? Түүнийг өнгөрсөн хугацаанд кино урлагт жинхэнэ бодит байдлаас холдуулан дүрсэлсэн нь бидний цээжинд муу санаатай, ардын засагт элсүүлж байна гээд хүүхнүүдийн гэзэг үс хайчилдаг, дээлийн нударга тас татаж шатаадаг л хүний дүрээр үлдэж дээ. Нээрээ л хэлмэгдүүлэлтэнд өртөөгүй бол Догсомын Бодоогын зохиол гээд алдартай ч байх байсан юм билүү.

Түүхч эрдэмтэн Х.Пэрлээгийн тэмдэглэснээр Д.Бодоо 1910–1920-оод онд арваад том жижиг ном товхимол бичсэн боловч ихэнх нь олдоогүй бөгөөд харин 1990 оны орчим түүхч доктор Л.Бат-Очир, Г.Цэрэндорж, З.Лонжид, уран зохиол судлаач Г.Жамсранжав нар улсын улсын төв архиваас “Үзэмжит өгүүлэл хэмээх гар бичмэлийг нь олж кирилл үсгээр хэвлүүлж Уянгат шүлэглэл нэртэйгээр Утга зохиол сонины 1990.12.21 №52-т нийтлүүлсэн гэх. Тэр одоо ер хаана байдаг бол..

Энэ мэтчилэн Д.Цэвэгмид, Р.Чойном, Ж.Бадраа, Д.Гармаа,Т.Галсан, Д.Цоодол, Д.Төрбат гэх мэтчилэн ёстой л зохиол бүтээлээрээ өөрийн орон зайг эзэлсэн мундаг хүмүүсийн намтар түүх, бүтээлийг маш нарийн үгчлэн утгачилан задалсан ном тэр бүр олдохгүй дээ.

--

--

No responses yet