Оливиа Фокс Кабейн
Харизм /номын тэмдэглэл/
Эхний хуудсыг нээхэд уншигч байсан би эцсийн хуудсыг хаахад “Харизм” буюу бусдыг өөртөө татах шинжлэх ухааны тухай, мөн өөрийнхөө дотогшоо ч гэмээр зан чанараа хэрхэн тордох тухай мэдлэгтэй болсон юм. Энэ номыг санал болгосон миний хүндэт найз чамдаа их баярлаж байна…
“Харизма” гэдэг нь Эртний Грек хэлний, бусдын анхаарлыг эерэгээр өөртөө татах гэсэн утгатай үг ажээ. Бид хэн нэгэнтэй анх уулзаад шууд л энэ хүн миний анд нөхөр үү биш үү гэдгийг таниж мэдэх анхан шатны мэдрэмж байгаль эхээс заяагдсан байдаг. Агшин зуурын хугацаанд ч гэсэн хүчтэй сэтгэгдэл төрүүлэх авъяастай хүмүүс байдаг.
Тэд хэдэн үг сольсны дараа битгий хэл өрөөнд ороод гарахдаа ч ямар нэгэн онцгой сэтгэгдэл төрүүлж чадна. Ийм хүмүүсийг төрөлхийн харизмтай гэж тодорхойлох нь бий.
Миний 1-р курсэд байхдаа хөтөлж байсан өдрийн тэмдэглэл дээр урлагийн түүхийн хичээл ордог байсан тухайн үед надад онцгой сэтгэгдэл төрүүлж байсан нэгэн багш эмэгтэйн тухай мөрүүд байдгыг санаж байна.
Тэр эмэгтэй нүдний шилтэй, махлаг, хүмүүсийн гоо сайхны үнэлэмжид гоё сайхан гэдэг ангилалд багтахгүй байж болох ч тэр багшийн хичээлийн 1цаг 30 минут миний хувьд хүн төрөлхтний бүх цаг үеийн урлагийн түүхэнд умбаж, нэг бодоход би эртний Египетийн орд харш, сац суваргын хажууд наранд нүд гялбаад гараараа хааж зогсох шиг, нэг бодоход Сэргэн мандалтын агуу их зураач, зохион бүтээгч… Леонарда Да Винчигийн ажлын өрөөнд түүний өнөөх алдарт Мона Лизагаа хэрхэн зурж байгааг нь харж хэсэг зогссоноо цаашлаад урлагийн асар уудам ертөнцөөр Марк Шагалл-ын “Хотын дээгүүр” гэдэг зурагны хүүхэн залуу хоёр шиг дүүлж нисэж явсан юм.
Намайг ингээд бичихлээр тэмдэглэлийг минь уншиж суугаа танд ч гэсэн дотроо хэн нэгний дүр тодроод ирсэн нь лавтай. Магад бүр олон хүн санаанд чинь орсон байх гэж бодож байна.
Дунд сургуульд, их дээд сургууль, ажлын талбарт ер нь алхам тутамд Харизмтай хүмүүс тааралддаг. Тэд өөрийн эрхгүй л бусдын анхаарлын төвд байж олны хайр хүндэтгэлийг хүлээж, тогтвортой харилцаа, бусдад эерэгээр нөлөөлөх чадвар гээд бүхий л зүйлээрээ эргэн тойрондоо дуурайлал болж, хүмүүс тэднийг даган дуурайж байдаг нь гайхалтай санагддаг бол миний хувьд энэ тал дээр дутагдалтай хүн юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд гунигтай л явдаг байлаа… хэхэхэ
Тэгтэл Харизм нь төрөлхийн зан төлөв мэт ойлгодог нь ташаа ойлголт ажээ.
Харизмтай гэж тооцогддог олон мундаг хүмүүс алхам алхмаар харизмаа бий болгосон байдгийг олж уншаад хүн бүхэнд Харизмтай болох бүх боломж байгаа гэдгийг ойлгосон юм.
Харизмт зан төлөв нь харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх гэсэн гурван шинжээр илэрдэг байна. Эдгээр нь бидний ухамсарт үйлдэл болон ухамсрын бус хүчин зүйлсээс хамаардаг аж. Бусад хүмүүс хэн нэгний өөрөө ч анзаардаггүй биеийн хэлэмжийг аль хэдийн анзаарч байдаг. Заримдаа бид хэн нэгэнтэй ярилцаж байхдаа шал өөр зүйлийн тухай бодоод, нэг л төвлөрч өгдөггүй. Эсвэл нөгөө хүн маань биднийг огт анзаарахгүй, үл ойшоож, сонсож буй мэт дүр эсгэх үе ч гардаг шүү дээ. Энэ тохиолдолд хэн хэн нь бие биеэ хуурамч гэж бодохын зэрэгцээ өөрсдийгөө чухал хүн биш юм гэж сэтгэлээр унадаг. Ийн буруу ойлголцох нь тэр хүнтэй дахин харилцан зөвшилцөж, өөртөө үнэнч байлгах боломжгүй болж буйн илрэл бөгөөд харизмтай хүн болох оролдлогоо үгүй хийж буй хэрэг аж. Гэвч харизм нь хүний төрөлхийн мөн чанар биш учраас яг л хэл сурч буй мэтээр суралцаж, дадал болгох боломжтой. Тэгэхээр харизмтай болохыг хүсэж байвал хамгийн түрүүнд ямар ч завгүй байсан, хүмүүст анхаарлаа бүрэн төвлөрүүлэн харилцаж дадах нь чухал юм.
Хүн өөрийгөө ямар нэг зүйл хийж байгаа мэтээр төсөөлөх үед жинхэнээсээ хийж байгаатай адил дохио тархинд үүсдэг /Стэнфордын их сургуулийн зан төлөвийн шинжлэх ухааны ахисан түвшний судалгааны төвийн захирал Стивен Косслин/
Хүний тархи хувьсан өөрчлөгдөж байдаг гайхалтай эрхтэн бөгөөд холбоос нь байнга хувирч байдаг. Хүн тархиа ашиглах үед нейроны холболт үүсэж, олон холбоос үүсэх тусам илүү хүчтэй болдог. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл өөрийн хүссэн үр дүнгээ төсөөлөн бодсоноор оюун санаагаа хүссэн чигтээ төвлөрүүлэх боломжтой болно гэсэн үг.
Жүжигчид оногдсон дүрдээ орохын тулд дүрээ судалж ямар биеийн хэлэмжтэй байх вэ гэдгээ төсөөлөх хэрэгтэй болдог, дүрээ дотоод сэтгэлдээ мэдэрч чадахгүй л бол дүр нь худлаа болчих гээд байдаг. Үүнтэй адил төсөөлөн бодсоноор хүн өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, түүнийгээ гаднаа зөв илэрхийлж чаддаг.
Харизм нь хэд хэдэн төрөлд хамаарагдах бөгөөд хэт нуршихгүйн тулд зөвхөн төвлөрсөн харизмын жишээгээр Майкрософт компаны үүсгэн байгуулагч Билл Гейтс дурьдаж болно. Төвлөрсөн харизмтай хүн бусдыг сонсож, анхаарч бас ойлгож чаддаг бөгөөд хүмүүст хүчтэй нөлөөлж чаддаг харизмын хэлбэр юм гэдгийг Билл Гейтстэй ойр ажиллаж байсан нэг захирал “Харизмтай байна гэхээр өөрийгөө бүхнээс илүү гэж бодож, хүмүүст зааж зааварласан хүн байдаг гэж хүмүүс боддог. Гэвч даруухан төрхтэй, жижигхэн биетэй Билл өрөө дүүрэн хүнийг удирдаг чаддаг. Түүний анхаарлаа бүрэн төвлөрүүлж, аливаад няхуур хандаж байгааг ямар ч хүн тэр дор нь мэдэрдэг. Биллийг өрөөнд орж ирэхэд бүх хүний харц түүн рүү чиглэдэг. Тэр бусдыг өөртөө татаж, яриаг нь сонсох хүслийг хүмүүст төрүүлж чаддаг” гэсэн байна.
Илтгэл тавих, сэтгэл санаа болоод амьдралын хямралтай мөчид, харилцахад хэцүү хүмүүстэй хэл амаа олох гэх мэтчилэн үеүүдэд яаж харизмтай байж давж туулах тухай дэлгэрэнгүй бичсэн, өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй зөвлөгөө, тод томруун жишээг олны танил эрхмүүд болоод өөрийгөө цоо шинэ нэгэн болгож чадсан хүмүүсийн түүхтэй холбож тайлбарласан, харизмтай болох дасгалууд зэрэг Оливиа Фокс Кабейн гэх энэ мундаг эмэгтэйн ном олон олон хүмүүсийг нас, хүйс, мэргэжил, зэрэг зиндаа хамаарахгүй бусдад нөлөөлөх чадварыг нэмэгдүүлж, урам зориг өгч, өөртөө итгэлтэй нэгэн болгож чадсан шиг надад ч гэсэн сайн үр дүн гарна гэсэн итгэлтэйгээр номоо хааж байна. Гэхдээ зүгээр унших төдийд уншаад л өнгөрдөг харин туршиж, олон дахин давтвал үр дүн гарна… Харизмтай болох миний аялал эндээс эхэлж харин тэмдэглэлээ энд дуусгаж байна