Уншсан ном ба зүүд шиг төсөөлөл
ном уншаад төрсөн сэтгэгдэлээс үүдэлтэй өгүүллэг
<<Нобелийн шагналт өгүүллэг>>
Нэг мэдсэн би уран зургийн танхим мэт газар, явган сандал дээр сууж байлаа. Хананд өлгөөтэй зурагаас өөр эргэн тойронд хэн ч алга. Би босож хэдэн зураг үзэж сонирхоод зогсож байхад нэг зүйл анхаарлыг минь татав.
Шар бариултай, сийлбэртэй том модон хаалга.
Хаалганы цаана юу байгаа бол гэсэн бодол намайг эзэмдэж татан онгойлговоос улаан хивс дэвссэн урт хонгил байх аж.
Хонгил их сэлүүхэн бас гэрэлтүүлэг сайтай, эхлээд харахад зочид буудалд байна уу гэмээр. Намайг босго давахтай зэрэг хаалга ард Тассс… гээд хаагдчихав.
Юу болж байна аа? гэж балмагдан сандрахдаа хэд хэд түлхээд нэмэр алга. Онгойсонгүй.
Айх сандрах зэрэгцэж танихгүй мэдэхгүй газар ирсэн хүний л хийдгийг хийж урд минь сунайсан урт хонгилоор хөлөө зөөж ядан алхав.
За байз юун олон хаалга вэ? гээд тоолж үзвээс зүүн баруун талдаа арав арван хаалга бас бүгд өөр өөр өнгөтэй юм гээч. Зүүн гар талаас эхний хаалганд дөхөж очивоос цайвар цэнхэр өнгөтэй, дээр нь алтан шаргал пайзан дээр Жорж Бернард Шоу гэж бичсэн байв.
Дараагийнх нь нил ягаандуу хаалга байх бөгөөд дээр нь Альбер Камью, цааш харсаар яваад олон хүмүүсийн нэртэй таарсан нь бараг ихэнх нь өмнө нь сонсож байсан нэрс байв. Баруун гар талын эгнээний хаалгуудыг сонирхохоор эргэтэл цэмцийсэн дүрэмт хувцастай залуухан эр зогсож байсанд золтой л үнхэлцэг хагарчихсангүй.
-Өө би таныг айлгачих вуу даа? гэж тэр зовнингуй хэдий ч миний айж балмагдсан царай инээдийг нь хүргэсэн ч юм уу нэг л шоглосон аястай асуухад дэлбэрэх шахам цохилох зүрхээ дарсан би,
-Зүгээрээ зүгээр харин та чинь яасан гэнэт гарч ирдэг хүн бэ? ямар ч чимээ аниргүй шүү!
-Өршөөгөөрэй, би таныг төөрсөн байж магадгүй гэж бодсон юм. Би эндхийн хөтөч юм л даа.
-Тийм ээ тийм төөрчихөөд байна, бас хаана байгаагаа ч мэдэхгүй бүр будилж гүйцээд байна гэж үнэн учраа хэлэв.
-Та Нобелын шагналтнуудын ертөнцөд байна.
- Юу? би түрүүхэн гэртээ байж байсан шүү дээ, яахлаараа энд ирчихдэг байна аа? Түрүүн тэр уран зургийн танхим одоо энэ хонгил. Мөн ч сонин юм болох нь ээ.
Зүүдлээгүй байгаа даа гэж өөрийгөө чимхэж хүртэл үзэв.
-Юу л даа танд Book café of Mongolia-ийн төлөөлөгч нэг зүйл өгсөн байх ёстой
-Аан тийм тийм, нэг ном бий гэж би товчхон хариулав.
-Түүнийгээ надад харуулахгүй юу? гэхэд нь цүнхээ уудалж номоо гаргаж харуулбал цав цагаан хавтастай эргүүлж тойруулаад ганц цэг ч олсонгүй. Хуудсыг нь эргүүлж харвал хов хоосон байв.
-Юу вэ? энэ чинь, цав цагаан болчихсон байна шүү дээ, ямар хачин юм бэ?
-энэ л таны энд байгаа шалтгаан юм шүү дээ, наад дотор байсан зүйлс хаачсаныг одоо ойлгож байна уу?
- Бага зэрэг л… гэж би хариулав
-та эдгээр хаалгануудыг харж байна уу? бас дээр нь байгаа нэрнүүдийг…
-Тийм ээ харж байна.
-Эд нар үе үеийн Нобелын шагналт зохиолчдод хүргэх хаалганууд юм. Та хүсвэл эдгээр хаалгаар дотогш орж зохиолчидтой уулзаж ярилцаж болно. Зохиол бүтээлийг нь өөрөөр нь яриулж ч болно. Номд дуртай хүний хувьд маш ховор боломж гэдгийг надаар хэлүүлэлтгүй та мэдэж байгаа байх. Хэрэв хүсэхгүй байвал буцаад гарсан ч болно. Хаалга тэнд байна.
Би бүр балмагдаж орхиод юу ч дуугарч чадсангүй эргэн тойрноо харж байснаа тээр тэнд буланд хананы өнгөнөөсөө мэдэгдэхгүй шахам хаалгыг зааж,
-Хонгилын төгсгөлд байгаа хаалга ямар учиртай юм?
-аан тэр үү? тэр чинь бас өөр зохиолчдын өрөөнүүдтэй холбоно.
-Би харж болох уу?
-Тэг ээ тэг, бололгүй яахав
Хаалгыг онгойлж харваас өмнөхтэй адил урт хонгил байх авч хаалганы болоод хивсны өнгө нь өөр юм. Хаалганууд цөмөөрөө цагаан өнгөтэй, харин хивс нь яг л жүржийнх шиг юм. Тэгтэл баруун гар талаас 5 дахь хаалган дээр “Рабиндранат Таагүр” гэсэн байв.
-Хөөх! тэнд Таагүр байна шүү дээ. Би түүнтэй эхэлж уулзмаар байна гээд өнөөх жүржийн өнгөт хивсэн дээр хөл тавьж амжаагүй байтал хөтөч залуу араас огцом татаад,
-Та ийшээ орж болохгүй гэж эрс хэлэв
-Яагаад?
-Энэ танхимаа дуусгаж байж дараагийнх руу орох дүрэмтэй.
Энэ үг миний тэвчээрийг алдуулж байсан ч түргэхэн гэгч нь эдгээр хаалгануудаар орчихоод Таагүртай уулзана аа. Уулзхаараа “Сүүлчийн найраглал” / Последняя поэма/-ийн тухай асуух юм шүү гэж өөртөө амлаад эхлээд Синклер Льюс-тэй уулзахаар болж хаалгыг тогшихын өмнө хөтөч залуу надад хандан,
-Зохиолчтой зөвхөн түүний хувийн амьдрал, бүтээлүүдийн тухай ярьж болно. Яриа чинь хэр өгөөжтэй байх нь таны л мэдэх хэрэг гэхдээ түүнээс зохиол нь ямар утга санаатайг нь битгий асуу. Тэгж асуувал яриагаа дуусгаж чадалгүй шууд хонгилд зогсож байх болно шүү үүнийг сайн санаж яв.
Би толгой дохиод дотогш орлоо.
Нам гүмхэн бүдэгхэн гэрэлтэй өрөөнд Синклер Льюс бичгийн ширээнийхээ ард цаашаа хараад юм бичиж байв. Хаалга хаах чимээнээр сая надруу харлаа.
Нүдний шилээ аваад нэг сандал тийш зааж суухыг урих нь намайг ирэхийг аль хэдийн мэдчихсэн байсан ч юм шиг аль эсвэл түүн дээр зочин их ирдэгээс ийм хээ шаагүй болж дээ гэж таамаглав.
-Эрхэм Синклер…. гэж намайг түгдрэхэд
-үгүй ээ үгүй эрхэм гэж хэрэггүй зүгээр л Синклер гэхэд болно ёсорхоод хэрэггүй !
- Миний энд байгаад та гайхахгүй байгаа юм уу?
-Юунд нь гайхахав. Байдаг л зүйл гэв.
Тэр нилээд ядарсан шинжтэй харагдана.
- Чи тэгээд надаас юу сонсмоор байна? Ойрд надаар хүн айлчилсангүй, Би ч ярих сонин ихтэй л байна. Гэхдээ чи оройтож ирлээ. Миний унтах цаг болж байна гэв.
Би ханын цаг руу харвал шөнийн 1:35 болж байв.
-Би танд саад болж байвал гараад явсан ч болно оо дараа уулзая гэхэд
-Нэгэнт ирсэн болохоор юу яриулмаар байгаагаа хэл
-Таны нобелын шагнал хүртсэн зохиолыг
- Арай өөр зүйл яриулах болов уу гэж бодож байлаа, гэхдээ чи хүсэж байгаа бол болно оо гээд “Хөтөч” гэдэг өгүүллэгээ ярьж өгөхөөр болов. “Хөтөч” гэдэг үг миний инээдийг хүргэв. Учир нь Хөтөчөөр зааварлуулж орсон хамгийн эхний зохиолч маань Хөтөч нэртэй өгүүллэг ярьж өгөх гэж байна шүү дээ.
Өрөөнд Синклер Льюсийн ярианаас өөр аниргүй, гагц ханын цаг <<Чаг чаг>> гэж дуугарна.
Түүний яриа намуухан атлаа заримд өгүүллэг нэг л мэдэхэд дууслаа.
би түүнд сайхан амрахыг хүсээд хаалгаар гарч, хамгийн анх танхимд орж ирээд харсан Жорж Бернард Шоу-ын хаалгыг тогшвол нэгэн өвөгжөөр хүний намуухан дуу гарч “Ор ор” гэв.
Тэрээр цагаан үс сахалтай, сахал нь… надад хэн нэгнийг санагдуулсан ч яг тэрхэн агшинд тэр гээд хэлчих хүн олдсонгүй.
-Над дээр айлчилж байгаад баярлалаа, наашаа ор л доо яагаад зогсоод байгаа юм, ийшээ суу гэв. Би ч түшлэгтэй, ар нуруу, суудал хэсэгтээ зөөлөвчтэй хоёр сандлын нэгэнд нь суухад тэр өөдөөс харж суулаа. Бидний дунд цайны жижиг дугуй ширээ байлаа. Тэр цай уухыг урив. Би их нэрэлхүү болохоор шууд ууя гээд хэлж чадсангүй. Дэмий л түүний аясыг харав. Тэр өөртөө цай аягалангаа надад ч бас аягалав.
Өөрийнхөө цайг -Ингэхэд чи Яго-г мэдэх үү? гэж яриагаа эхлэв.
-Тийм ээ Шекспирийн алдартай зохиолуудын нэг Отелло дээр гардаг эсрэг талын дүр
-Яагаад заавал эсрэг гэж? гайхсан харцаар харсанаа.
За тэгвэл тэр хананд байгаа зургийг хар даа энэ хүн чамд ямар санагдаж байна гэв.
Зургийг ажваас онгойсон хаалганы босгон тушаа зогссон дунд зэргийн нуруутай, сэргэн мандалтын үеийн гэмээр улаан хүрэм өмсөж, бүснээсээ илд зүүсэн хүн байв.
-Өмссөн зүүснийг нь ажваас язгууртан байрын хүн байна. Гэхдээ түүний царайг тодорхойлж хэлэхэд хэцүү юм гэхэд минь Бернард Шоу гуай инээмсэглээд,
-Би яагаад чамаас Яго-г асуусан гэхлээр миний ярьж өгөх түүх түүнтэй холбоотой юм л даа. Ямартай ч тэгэж ойлгож болно гэв.
Түүнийг ярьж байх завсар театрын хувцас солих өрөөнд болж буй ярианаас илүүтэй тэр өрөөнд байх Уилъям Шекспирийн цээж баримал амь орж тэдний ярианд оролцоод зогсохгүй бүр өөрийнхөө бүтээлүүдийн тухай маш илэн далангүйгээр ярьж, бидний дотроо зөв гэж бодож явдаг үнэн гэж итгэдэг зүйлсийг маань тэнд огт өөрөөр хэлсэнд би гайхаж суусан юм.
Жорж Бернард Шоу гуай өгүүллэгүүдээ их сонирхолтой өнгө аястай ярих бөгөөд заримдаа миний хувьд яагаад гэж асуумаар зүйл олон байх боловч илүү дутуу зүйл асууж болохгүйдээ халаглан суух бол Шоу гуай голдуу ямар нэг хөгжилтэй зүйл ярьсаныхаа хойно надаас урьтаж тас тас хөхрөнө.
Ингээд бидний яриа өндөрлөж би ч түүний өрөөнөөс түрүүний адил түүнд сайн сайхныг хүсэж хаалгыг нь зөөлөн хаагаад Альбер Камью дараа нь Габриел Гарсиа Маркес..гэхчилэнгээр цааш зочилсоор.
Габриель Гарсиа Маркес дээр ороход надад их таатай байсан юм. Яагаад гэвэл сонирхсон асуултад минь дэлгэрэнгүй, илэн далангүй хариулж бас гурван ч өгүүллэг ярьсан юм.
“Дурлал ба үхэл” гэдэг өгүүлэгээ Сенатч Онесимо Санчес заяаныхаа амрагтай учрах үед түүнд яг зургаан сар 10 хоногийн нас байлаа… гэж тэр эхэлтэл би яагаад тэгээд хэлчихсэн юм бүү мэд
-Ямар доогтой юм бэ? гэчихлээ.
Эрхэм Маркес над руу гайхсан шинжгүй харав. Хэдий түүний харц миний болчимгүй хэлсэн хэдэн үгэнд элдэв юм бодсон шинж ер үзэгдээгүй ч би буруу юм хэлчихлээ гэж бодоод ярианы сэдэвээ бага зэрэг өөрчлөх гэж оролдохдоо,
-Түүний заяаны хань нь ямархуу хүн юм бэ? Сенатч хэд орчим насны хүн бэ? Гэр бүл зохиогүй юм уу?гээд асуучихлаа.
-Хань биш амраг! Энэ хоёр чинь ондоо шүү дээ охин минь. Ингэж хэлээд хэсэг азнаснаа цааш үргэлжлүүлэх нь: Сенатч 42 настай, үргэлж инээмсэглэж явдаг Герман эмэгтэйтэй сууж таван ч хүүхэдтэй болсон.
-Тэгэхээр Сенатч Онесимо амьдралдаа аз жаргалгүй байсан байх нь ээ дээ?
-Миний мэдэхийн гэр бүлийн гишүүд дотроосоо хамгийн жаргалтай сэтгэл хангалуун нь байсан. Гэхдээ тэр сэтгэлийг нь догдлуулж буй Лаура Фарина ямар гэж санана аа.Түүний бие эгээ л нефтийнх шиг нар шингэсэн чийрэг, чилгэр, үс нь сувай байдасны дэл шиг агаад аяга шиг том нүднээс нь хурц гэрэл цацардаг юм…
Би дахиж түүний яриаг тасалж элдэв зүйл ярихгүй гэж шийдээд зүгээр л сонсож суув.
Ийнхүү эрхэм Маркесын яриаг сонсож суухдаа надад “Үхэл” гэгч үг тархинд сийлэгдэх мэт үлдэж би хөнгөн айдаст автлаа.
Үхэл зайлшгүй ирнэ. Энэ тухай мэдлэггүйгээр үхвэл тодорхой нэгэн зүйлтэй учирч байгаа болохоор айж цочихоос гадна эндүүрч төөрөгдөх, бэлтгэлгүй байснаас сохор хүн ангалын ирмэг дээр явж буй мэт юунд ч унаж магадгүй аюулд өртөнө.
Тэр гурав дахь өгүүллэгээ ярьж дуусаад байтал:
-За за эхнэр маань хоолоо ид гэж дуудаад байна, сая хаалгаар хоёр ч удаа шагайсныг харсан биз дээ?! гэсэн юм. Би баярласан талархсанаа илэрхийлж харин эрхэм Маркес дараа над дээр ирж өөр юм яриулаарай, чамтай уулзахдаа баяртай байх болно гэв. Би түүнтэй гар бариад өрөөнөөс гарлаа.
Дараа нь Уилъям Батлер Ийтс, Томас Манн, Иван Бунин, Херман Хессе, Уилъям Фолкнер, Пэр Лагерквист /түүнийг шалсаар байгаад бүр дөрвөн түүх яриулж амжсан/ гэхчилэнгээр зүүн эгнээний таван хаалгаар орж дуусаад баруун эгнээний Иво Андрич, Жан-Поль Сартр, Пэр Лагерквист, Михель Анхель Астуриас/тэр өөрийн төрсөн нутаг Гватемалын тухай ярьсаар байгаад надад нэг л өгүүллэг ярьж өгсөн бөгөөд бид хоёрын яриа хэр удаан үргэлжилсэнийг бүү мэд/.
Ийнхүү бүх хаалгаар орсоны эцэст хөтөч залуу надаас дараагийн танхим руу орох уу? гэж асуув.
Би үгүй гэлээ.
Тэр надаас “Яагаад” гэж асуусангүй, тэгж асуух нь ч түүний үүрэгт ажил биш биз. Тэр инээмсэглээд гарах хаалга зааж өгөн намайг үдэхдээ
-Хэрвээ та хүсвэл дахиад ирээрэй гэв. Би тэндээс гарахдаа олон хүмүүстэй уулзаж ярилцсаар ядарсан ч юм уу бүү мэд, бодолд дарагдсан ч юм шиг нэг л дуу муутай гарсан тул хариу хэлж чадсангүй зүгээр л толгой дохилоо.
Тэдгээр 20 өөр үзэл бодол хүмүүний 30 шахам түүхийг сонсон суухдаа яагаад Монголын маань хэн нэгэн зохиолчийн нэртэй хаалга тэнд байж болдоггүй юм бол?!, хэрвээ тийм хаалгатай болчихвол би тун дуртай орохсон. Надаар зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс хэн дуртай нь зочилж зохиолч маань тун ч завгүй суухыг харахсан гэсэн их хүсэл төрсөөр цаашиллаа…